Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА. /DW/. Турк, Сирид даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 9000 даваад байна.
Туркийн Онцгой
байдлын газраас хамгийн сүүлд мэдээлснээр, амь эрсэдсэн хүний тоо 6957-д хүрч, 37 011 хүн гэмтэж бэртжээ.
Сирид газар
хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоог баталгаажуулахад хүндрэлтэй байгаа ч 2500
гаруй хүн амиа алдсан гэж төрийн мэдлийн хэвлэл, аврах албаныхан мэдээлж
байна.
Сирийн Эрүүл
мэндийн сайдын мэдээлснээр, Засгийн газрын хяналтад байдаг бүс нутагт 1250 хүн
амиа алджээ. Харин босогчдын хяналтад байдаг газруудад тусламж үзүүлж буй “Цагаан
дуулгатнууд” сайн дурын байгууллагын мэдээллээр амиа алдсан хүний тоо 1280-д хүрчээ.
Туркт байгалийн
гамшигт өртсөн бүсэд 16 139 баг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд
70 гаруй улс орон аврагчдаа болон бусад тусламжийг илгээгээд байна. НҮБ байгалийн
гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Турк, Сирид 25 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж
үзүүлэхээр болжээ.