ДОРНОГОВЬ: Уламжлалт анагаахыг рашаан сувилалтай хослуулан үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-08-31 14:52:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Халзан-Уулын рашаан сувилал энэ оны үйлчлүүлэгчдээ хүлээн авч эмчилгээ сувиллыг үзүүлээд дуусч байна.


Улаанбаатараас 300 гаруй км, сумын төвөөс баруун хойш 45 км-т буй Халзан-Уулын рашааныг 1980-аад онд Оросын геологичид хэд хэдэн гүний өрөмдлөг хийж нөөц найрлагыг тогтооход цооногоос оргилон байдаг гайхалтай хийн амьсгалтай, хүйтэн рашаан байгааг тогтоосон байдаг.


Анагаах ухааны салбарын  эрдэмтдийн  шинжилгээ судалгаагаар рашаан нь төрөл бүрийн өвчин анагаах чадалтай төдийгүй тэр тусмаа чихрийн шижин өвчнийг эмчлэхэд гойд сайн гэгддэг аж. Мөн аймгийн ИТХ-ын энэ оны шийдвэрээр Халзан –Уул рашаан сувиллыг аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй нэгтгэсэн нь ардын эмнэлгийг рашаан сувилалтай хослуулан ажиллуулж үйлчлүүлэгчдэд цогц,чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн байна.


Тус сувиллын үйл ажиллагаа улирлын чанартай тул энэ жил  сүүлийн удаагийн үйлчлүүлэгчидээ хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлээд есдүгээр сарын эхээр үйл ажиллагаагаа зогсоожээ.

Эл рашаан сувилалд амарч үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдлээс сонсоход тус рашаан нь чихрийн шижин өвчинд гойд сайн гэгддэг төдийгүй нэг удаа үйлчлүүлээд явахад жилээ даадаг тухай хүмүүс ярьсан юм. Мөн могой, алаг даахай, туулай, үнэг хярс зэрэг олон амьтад рашааны орчимд идээшин амьдардаг байна.

Связанные новости