ДУНДГОВЬ: Архив, бичиг хэргийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-28 10:21:07
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн болон Авлигын эсрэг олон улсын өдөр, Архивчдын өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын эрх бүхий албан тушаалтан, архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд “Мэдлэг-Ур чадвар” уралдаан зохион байгуулжээ.


Уралдаанд Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын эрх бүхий албан тушаалтан, архив, бичиг хэргийн ажилтнууд зэрэг 24 байгууллагын 43 албан хаагч таван баг болон оролцож, “Авлигын эсрэг нэгдье” Үндэсний хэмжээний нөлөөллийн ажлыг олон нийтэд хэрхэн сурталчлах, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний туай заалтууд хэрхэн зөрчигдөж буйг жүжигчилсэн тоглолтоор харуулах, архив, бичиг хэрэг хөтлөлтийн ур чадварын тест бөглөх, архивын нэгж үүсгэх, монгол бичгээр албан бичиг боловсруулах, Үндсэн хуулийн мэдлэг сорих зэргээр өрсөлдсөн байна.



Мэдлэг сорих, ур чадвараа харуулах дээрх уралдаан, тэмцээнд аймгийн БОАЖГ, БТСГ, БШУГ, Мал эмнэлгийн газар, ЭМДХ-ийн хамтарсан баг түрүүлж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Соёл урлагийн газар, ХХААГ, Зоонозын өвчин судлалын албаны хамтарсан баг удаах байрт шалгарчээ.


Үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Уралдааны үр дүн, ач холбогдлын талаар Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэгээс тодруулахад “Тэмдэглэлт өдрүүдийг угтаад төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, хүний эрх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Мэдлэг-Ур чадвар” уралдааныг зохион байгууллаа.


Уралдаанаа зохион байгуулахын өмнө Хүний эрхийн зөрчил, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай сургалт хийсэн.

Уралдаан зохион байгуулснаар архив, бичиг хэргийн ажилтнууд, эрх бүхий албан тушаалтнууд хүний эрхийн зөрчлийг таних, урьдчилан сэргийлэх, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах, архивлах мэдлэг чадвартай болсон.


Түүнээс гадна оролцогчид өөрсдийн ойлголт, мэдлэгээ жүжигчилсэн тоглолтоор үзүүлж, авлигын эсрэг болон хүний эрхийн хууль, журмыг олон нийтэд хүргэх шторк хийж танилцуулсан нь онцлог байсан” гэлээ. 












Связанные новости