ДУНДГОВЬ: "Төсөв-2024" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-01 17:30:51
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”, аймгийн ЗДТГ хамтран иргэдийн санаачилгаар “Төсөв-2024” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Мандалговь хотноо зохион байгууллаа.


Тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, ТББ, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын сурагчид оролцсон бөгөөд иргэд онлайнаар оролцож, төсвийн талаар нээлттэй асууж, саналаа хэллээ.


Тус аймгийн 2024 оны төсвийг 12 дугаар сарын 4-нд болох аймгийн ИТХ-аар хэлэлцэх бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төсвийн төслийг ИТХ-д өргөн барьсан байна.


2024 онд тус аймгийн төсвийн нийт орлого, зарлага 62,207.6 сая байхаар төлөвлөжээ. Төсвийн орлогыг бүтцээр нь авч үзвэл орон нутгийн төсвийн орлого 19,992.2 сая, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 27,040.9 сая, ОНХС-ийн орлогын шилжүүлэг 15,244.5 сая төгрөгөөс бүрдэж байгаа ба аймгийн ОНХС-д 5,051.1 сая, сумын ОНХС-д 10,193.4 сая, хөрөнгийн зардалд 10,096.4 сая, орон нутгийн урсгал зардалд 36,866.7 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн аж.


Тус хэлэлцүүлэгт оролцсон болон шууд дамжуулалт үзэж буй иргэдээс ирсэн асуулт, санал хүсэлтэд Засаг дарга Ц.Мөнхбат хариулт өгч, Хүүхдийн төлөө сан байгуулах, Ид шидийн орны ажилчдын цалингийн санг нэмэгдүүлэх, шинээр барьж буй Хүмүүнлэг сургуулийн мэдээллийн технологийн кабинетыг орчин үеийн дэвшилтэт технологиор тохижуулах, аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн зохион байгуулах зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болжээ.


Түүнчлэн ахмадын сувилалтай болох хүсэлтийг хүлээн авч, зураг төслийг хийлгэсэн тохиолдолд дэмжин, өргөтгөлийг шинээр барих, аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан 670,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэх зэрэг асуудлыг төсөвт тусгасныг танилцуулсан юм. 







Связанные новости