ДУНДГОВЬ: Аймгийн нийт нутгаар 2-5 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-14 16:22:28
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн нутгаар цас орж, нийт нутгаар 2-5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.


УЦУОШТ-ийн мэдээлснээр 12 дугаар сарын 10-нд Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайнцагаан, Гурвансайхан, Өлзийт сумын нутгаар цас орж, салхи зүүнээс секундэд 5-10 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурсан, 13-ны өдрийн 17 цагийн байдлаар цас үргэлжлэн орж, цасны түвшин нэмэгдэж, хүйтний эрч чангарсан, 12 дугаар сарын 14-ний 8 цагийн байдлаар Сайхан-Овоо, Говь-Угтаал, Адаацаг, Луус, Хулд, Дэлгэрхангай сумын нутгаар 1,9-3,0 мм, бусад сумдын нутагт 0,2-1,5 мм цас орсон байна.


Цаг уурын ажиглалтын талбай дах хэмжилтээр Дэрэн, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын нутгаар 5 см, бусад сумдад 2-4 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Аймгийн төвд авто зам мөстөж, хальтиргаа үүссэн байна.


Одоогийн байдлаар баруун сумдын нутагт цас тогтож, харин зүүн сумдад үргэлжлэн орж байгаа бөгөөд өдөртөө -19-24, шөнөдөө -23-28, зарим шөнө -30 хэм хүртэл хүйтэрч байгааг УЦУОШТ-өөс тодотголоо. 12 дугаар сарын 18-нд аймгийн нийт нутгаар дахин цас орох бөгөөд хүйтний эрч сулрахгүй гэдгийг тус байгууллагаас мөн мэдээллээ. 



Связанные новости