ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-04 09:55:06

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.


2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар цасны зузаан тус аймгийн Хөхморьт, Жаргалан, Шаргад 9 см, Баян-Уулд 7 см, Тайширт 4 см, Халиунд 3 см, Тоорой, Цогтод 2 см, Гуулин, Дэлгэр, Цээлд 1 см зузаан цастай байна. Харин цасны нягт Тайширт 0.33 г/см3, Баян-Уулд 0.27 г/см3, Шаргад 0.22 г/см3, Жаргаланд 0.21 г/см3, Хөхморьтод 0.17 г/см3 тодорхойлсон ба Говь-Алтай аймгийн нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүлтэй байгаа аж.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Тайшир cум цасны дундаж зузаан 4-7 см, нягт 0.27-0.33 г/см3 цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Жаргаланд цасны дундаж зузаан 7-9 см, нягт 0.17-0.22 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна. 


Одоогоор малын усан хангамж болон малын тарга хүч дунд зэрэг байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.



Связанные новости