Элтон Жоны хувийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 12 /Bloomberg/. Их Британийн домогт дуучин Элтон Жоны 10 сая доллароор үнэлэгдэх 900 орчим хувийн эд зүйлсийг үнэ хаялцуулан худалдахаар болжээ. Дуудлага худалдааг Christie’s ордноос Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 21-23 өдрүүдэд зохион байгуулна.
Дуудлага худалдаагаар дуучны 1970-аад онд өмсөж байсан мөнгөлөг өнгийн гутал (5000-10000 доллараар үнэлэгдсэн), 1990 оны хоёр хаалгатай Bentley загварын автомашин (25,000-аас 35,000 доллар) зэрэг эд зүйлсийг үнэ хаялцуулна.
Мөн нүүр, оосор нь ирвэсийн арьсан хээтэй, 18 каратын алт, алмааз, улбар шар индранил чулуун чимэглэл бүхий Rolex Daytona бугуйн цагийг дуудлага худалдаанд оруулна. Түүнийг 40-60 мянган доллароор үнэлж байна. Түүнчлэн 30-50 мянган ам.долларын үнэтэй Yamaha төгөлдөр хуур, 2000-3000 ам.долларын үнэтэй, 1975 онд үйлдвэрлэсэн нарны шил, 6-10 мянган ам.долларын үнэ бүхий таримал алмааз шигтгэсэн Captain Fantastic цэнхэр ноосон костюм зэргийг үнэ хаяцуулах юм.
Түүнчлэн Versace брэндийн хувцсыг дуудлага худалдаанд тавина. Нийтдээ 70 орчим хувцас, хэрэглэлийг худалдаалах ажээ. Үүнд 4-6 мянган долларын үнэтэй, улаан, хар, алтлаг өнгийн Versace Medusa Red брэндийн хоолны иж бүрэн хэрэгсэл, мөн олон тооны цамц багтаж байна. 1993 оны Versace брэндийн зургаан торгон цамцнаас бүрдсэн нэг багц нь 4000-6000 доллароор үнэлэгджээ.
Элтон Жоны гэрэл зургийн хосгүй цуглуулгад багтах янз бүрийн сэдэвтэй 360 ширхэг гэрэл зураг дуудлага худалдааны гол хэсэг байх болно. Тухайлбал, Ирвинг Пенн, Ричард Аведон, Уильям Клейн нарын бүтээлүүд, Льюис Хин, Роберт Фрэнк, Доротеа Ланж нарын XX зууны нийгмийн сэдэвтэй зургууд, мөн олон улсын тэргүүлэх галерейд танилцуулсан Андреас Гурский, Синди Шерман, Хироши Сүгимото, Вольфганг Тиллманс нарын дайны дараах орчин үеийн урлагийн гэрэл зургууд байх ажээ.
Гурскийн 2004 онд авсан “Dior Homme” гэрэл зургийн үнэ 300-500 мянган доллар, Сүгимотогийн 1999 онд авсан I Элизабет, I Ричард нарын хоёр гэрэл зураг тус бүр нь 50-70 мянган доллароор үнэлэгдэж байна.