ДОРНОГОВЬ: "Тэнгэрийн хутагт" жүжиг буюу Ноён хутагтын цаг хугацаагаар аялаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-30 15:43:03

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн Эрдэнэ мэргэн ноён хутагт Дулдуйтын Лувсанданзанравжаагийн амьдрал уран бүтээлийг өгүүлсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг нийслэлийн үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.


Жүжгийг өнгөрсөн оны долоодугаар сарын 27-нд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойгоор Дорноговь аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд, наадмын нээлтээр Үндэсний урлагийн их театрын жүжигчид анх тоглож байсан бол эдүгээ мэргэжлийн урлагийн тайзан дээр дахин амилуулж байна.


Ноён хутагтын амьдралыг түүний бага залуу нас хийгээд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөн оюуны бүтээл туурвилтай нь хослуулан бүжиг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн нь шинэлэг бөгөөд сонирхолтой болсон байдаг. Жүжгийн өрнөл үйл явцын хажуугаар тайз хэдэнтээ өөрчлөгдөж бороо орох, нар гарах, хуй салхи дэгдэх зэрэг байгалийн сонин содон үзэгдлийг жүжгийн агуулга өрнөлтэй хослуулан бүжгээр, хөгжмөөр, технологийн шийдэлтэй нэгтгэн дэглэсэн нь үзэгчдэд ер бусын онцгой, сонин мэдрэмжийг төрүүлсэн юм.


Хутагтын дүрд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин СТА Т.Түвшинбаяр тоглосон бол бүжгэн жүжгийн нэгэн чухал дүр Ноён Хутагтын сэтгэлт бүсгүйн дүрийг бүжигчин Б.Болор бүтээжээ. Х.Ганбаатарын санаачилга, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн цомнолыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Л.Эрдэнэбатхөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаярбүжиг дэглээчээр СТА, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч  Х.Хашхүү ажилласан байна.

XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг Монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ.


Бага наснаасаа өнчрөл ядуугийн зовлон үзсэн тэрээр өөрийн авьяас билгээрээ олонд танигдаж таван настайдаа Говийн догшин ноён Хутагтын дүрд өргөмжлөгджээ. Зургаан настайдаа нутгийн нэг ноёны найран дээр “Хурмаст тэнгэр” хэмээх гүн ухааны шүлэг хэлж, хавь ойрын хүмүүсийг алмайруулжээ. Шүлэгт

 “Үүл нь гараад бороо орохын цагт

 Үүдэн гэмээ нь хойморьт нь ялгаа юун

 Үйл нь ирээд үхэхийн цагт

 Хөгшин гэмээ нь залуу нь ялгаа юун” хэмээж байв.


Ноён хутагтын “Үлэмжийн чанар”, “Хурмаст тэнгэр”, “Нарийн сайхан хээр”, “Өвгөн шувуу буюу Жаргалтайн дэлгэр”, “Аврал гурван чухаг" зэрэг гүн гүнзгий утга агуулгатай дахин давтагдашгүй  бүтээл олон бий.


Хутагтын амьдарч байсан цаг үе Монгол Улс Манжийн дарлалд байсан тул түүний үйл хэрэг, бүтээл туурвилын нэгээхэн хэсэг нь улс орны тусгаар тогтнол, хүн зоны эрх чөлөө, сайн сайхны төлөө чиглэж байлаа. Тухайлбал, 1823 онд Ноён хутагт Хамарын хийд орчимд урд зүгээс ирэх аюулыг гэтэлгэх, Монгол төрийг мандан бадрах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд анх Өвгөн суваргыг бүтээн байгуулж байжээ.


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Монгол Улсын Ардын уран зохиолч Балжирын Догмидын “Догшин хутагтын сахиус” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киноноос Ноён хутагтын үйл хэрэг, уран бүтээлийг харж болно.


Хүн зоныг гэгээрүүлэх, түүх соёлоо дээдлэх, ертөнцийн мөн чанарыг таних, гоо сайхны мэдрэмжийг авах, Ноён хутагтын тухай бүрэн ойлголтой болох тухайд “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг түүчээ нь болох юм. Ноён хутагтын цаг хугацаагаар аялах түүхэн жүжиг Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-нийг хүртэл “Corporate convention  center-д олны хүртээл болно.

 

 

Связанные новости