ДУНДГОВЬ: "Хүүхдийн хөгжил сан" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-09 10:14:55
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилго бүхий “Хүүхдийн хөгжил сан” байгуулж, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг журмаар зохицуулахаар боллоо.  


Тус аймаг 2024 оныг “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллахаар болсон. Харин 2023 оныг “Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” жил болгон зорилтоо дэвшүүлж, амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах, бага ангийн сурагчдын эрүүл мэндэд анхаарч “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх, "Үдийн цай" хөтөлбөрийн чанарыг сайжруулах, ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг урамшуулах, улс, бүсийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг шат дараатай олон ажлыг зохион байгуулсан нь тус санг үүсгэн байгуулах эхлэл болжээ. Түүнчлэн аймгийн ОНХС-гаас 2023, 2024 онд “Ид шидийн орон” Хүүхэд хөгжил хамгаааллын төвийг санхүүжүүлж байгаа юм.


Журмаар тухайн жилд хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн бүх хандив, тусламжийг энэхүү санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөр, дугуйлан, секц, тив дэлхий, олон улсын болон улс, бүсийн чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд оролцох хүүхдүүд, бүтэн өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт, дугуйланд явуулахад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн санаачилгад тулгуурласан нийгэмд ач тустай төслийг тодорхой хэмжээнд санхүүжүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад урамшуулал олгох зэрэг үйл ажиллагаанд зарцуулахаар зохицуулжээ.  


Тус сангаас санхүүжих төсөл хөтөлбөр үйл ажиллагааг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

Связанные новости