Г.Пүрэвтогтох: Малчдынхаа харилцаа, холбооны асуудалд түлхүү анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-19 11:50:49

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Зөрүүлэгийн 4 дүгээр багийн малчин өрхүүд цахим сүлжээг ажил, амьдралдаа идэвхтэй ашиглаж байна.


“Сүүлийн үед малчдынхаа харилцаа, холбооны асуудалд түлхүү анхаарч байгаа. Тэр бүр, аймаг, сум орж, дарга удирдлагуудтай уулзаад явж чаддаггүй болохоор цаг алдалгүй мэдээлэл авч байхын тулд цахим бүлгэм үүсгэсэн. Төрийн болон орон нутгийн бодлого, шийдвэр, малчдын ажлыг хөнгөвчилсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, цаг агаарын мэдээ, малаа эрж хайх гээд хэрэгтэй мэдээллийг бүлгэмдээ тавьж, малчид өөр хоорондоо мэдээлэл солилцдог” хэмээн багийн Засаг дарга Г.Пүрэвтогтох хэллээ. 


Тэрбээр багийнхаа Засаг даргаар таван удаа сонгогдон 18 жил ажиллаж байна. Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэдтэйгээ тулж ажиллан төрийн үйлчилгээг гардан хүргэдэг үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэснээр 2014 онд “Аймгийн тэргүүний баг”-аар шалгарч байв.


Зөрүүлэг баг нь Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт Хужирт, Зүүнбаян-Улаан болон Архангай аймгийн Хотонт сумтай хил залгаа оршдог. 1517 гишүүн бүхий 545 айл өрхтэй, үүнээс 400-аад нь малчин өрх байна. Хориод жилийн өмнө тус багт дээд боловсролтой зургаан иргэн байсан бол одоо 200 гарчээ.




Зөрүүлэг багаас “Улсын хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин” гурав, “Улсын аварга саальчин” нэг, “Аймгийн аварга малчин” 70 гаруй, “Сумын аварга малчин” 120-иод төрөн гарсан. Мөн ихрүүд олонтой гэдгээрээ онцлог. 2008-2012 оны хооронд 28 ихэр хүүхэд төрж, одоогоор 18-аас доош насны 32 ихэр хүүхэд бүртгэлтэй байна. “Хөгшчүүлээс асуухаар “Ингэж олноороо ихэрлэж байсан нь ховор. Хүний буян нүдэлж байна даа” гэж хэлдэг юм. Урамтай, сайхан санагддаг” хэмээн Г.Пүрэвтогтох дарга ярьж байлаа.


Тэрчлэн 2013 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан “Нийгмийн даатгалтай малчин” улсын уралдаанд багаараа идэвхтэй оролцон тэргүүлсэн амжилтыг үзүүлж байжээ. Багийн малчид нийтээрээ нийгмийн даатгал төлж хэвшсэний үр дүнд олон малчин тэтгэвэртээ сууж, одоо ч улсад тэргүүлсэн хэвээр байна.


Энэ өвөл цас, шуурга ихтэй байгаа ч Зөрүүлэг багийнхан 74 мянган мал сүргээ онд мэнд оруулж, малын хорогдол, хохиролгүйгээр хавартай золгож байгаа юм. 

Связанные новости