Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан баг Дундговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-19 17:32:24
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын баг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.


Тус аймагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 50 хувийн хямдралтай үнээр 320 тонн тэжээл, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгохоор болсон.


Дундговь аймгийн 95 өрхийн 51 мянган мал өөр аймгийн нутагт, 150 өрхийн 110 мянган толгой мал аймаг дотроо оторлож байгаа ба тус аймгийн нутагт зэргэлдээх аймгийн 129 өрхийн 110,0 орчим мянган толгой мал өвөлжиж байна.


Тус аймгийн нийт нутгаар цастай байгаа бөгөөд Сайнцагаан, Цагаандэлгэр суманд 8-11, Говь-Угтаал, Өлзийт Өндөршил, Өлзийт, Адаацаг суманд цасны зузаан 5-7 см, бусад суманд 4-6 см байна. Цасны дундаж зузаан 4-13, хунгарын зузаан 11-70 см байгаа ба нягтаршил 0,18-0,39 гр/см3 байгаа юм.


Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан суманд төмөр буюу шилэн, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэлгэрцогт суманд өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл байдал үүсэж, 2 дугаар сарын 18-ны байдлаар 35 мянган бага мал, 5400 адуу, 900 орчим үхэр, 21 тэмээ, нийт 42 455 толгой мал хорогджээ.


Аймгийн Онцгой комиссоос 15 суманд малын сэг зэм устгахад шаардлагатай санхүү, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх, Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг Шадар сайд С.Амарсайханаас хүсэж, тэрээр зарим асуудлыг шийдвэрлэсэн байна.


Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид бусад сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдэж, Улсын нөөцөөс нэмэлтээр олгож буй өвсийг хүндрэлтэй байгаа сум, багт олгох, эрүүл мэнд, нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх, дотоод нөөц бололцоогоо дайчилж, хөр, цасанд дарагдсан малчдын хотыг цэвэрлэх, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, малыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах, хорио, цээрийн хязгаарлалт болон бүртгэлийг сайн хийх, хяналтыг сайжруулах үүрэг өгч, УОК-оос гарсан албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. 



Связанные новости