Зам дагуух том оврын техник хэрэгслийг зөөж, зорчих хэсгийг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-11 08:45:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-ын тойрог орчим, гол магистрал зам дагуу зорчих хөдөлгөөнд саад учруулахуйц том оврын техник хэрэгслүүд байрлуулж, авто зам, замын бордюр, явган хүний замыг эвдэн хөрсний бохирдол үүсгэж байна.


Эдгээр техникийг өмчлөгч иргэн, хуулийн этгээдүүдэд тодорхой шаардлага тавьж, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байршуулах газрыг зааж өгөх юм. Заасан байршилд техник хэрэгслээ байрлуулж, үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой. Хэрэв зөрчвөл техник хэрэгслийг журамлахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршилд газрын хэмжээгээ хэтрүүлэн, зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах мэдэгдэх хуудас өгчээ. 


НЗД-ын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аюултай үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хотын стандарт, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр таван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.


Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ярихдаа, “Газрыг зориулалт бусаар ашиглаж, олгосон хэмжээнээсээ хэтрүүлэн хашаалж буй иргэн хуулийн этгээдэд шаардлага тавина. Хоёр дахь өдрийн шалгалтаар л гэхэд газартай холбоотой 1000 гаруй зөрчил илрээд байна. Энэ мэтчилэн хаягдал төмөр, аккумулятор авдаг иргэд агаар, хөрсний бохирдол үүсгэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, саадгүй зорчих эрхэд халдаж байгаа зөрчлийг арилгуулна” хэмээсэн юм

 

Связанные новости