Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-17 11:49:08

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олголоо.


Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допинг илэрч, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос түүний цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ. Харин М.Бадарч үүнийг хүлээн зөвшөөрөлгүй спортын арбитрын шүүхэд хандсан ч допинг хэрэглээгүй гэдгээ нотолж чадаагүй юм.


Улмаар М.Бадарчийн цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохыг Баяр наадмын комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхмйн зарлиг 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр гарчээ. Харин бөхчүүдэд цол олгох ёслол Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд өнөөдөр боллоо. Ёслолд ҮИБНЗБХ-ны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Бөхийн салбар хорооны гишүүд, шинээр цол авч буй бөхчүүдийн ар гэрийнхэн оролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгонд арслан, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбатад заан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашид харцага, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд начин цол нөхөн олголоо. Түүнчлэн Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгосон юм.


Бөхчүүдэд цол, чимэг олгох ёслолын үеэр Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үг хэлэхдээ, “Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл, төрт ёсны үйл хэргийн салшгүй хэсэг. Мөн та бидний оршихуйн дархлаа юм. Тэр дундаа “Үндэсний бөх” хэмээх нүүдэлчин монголчуудын эртнээс улбаат ёс заншил, эцэг өвгөдийн гэрээс болсон соёл уламжлалыг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж яваа бөхчүүдээ Монголын ард түмэн хэзээд хүндэтгэн дээдэлж ирсэн түүхтэй. Монгол түмэн үндэсний бөхөөрөө омогшдог, бөхчүүдээрээ бахархдаг, хүндэлдэг хайрладаг бүр шүтэж биширч, сүр хүч, цог хийморийн бэлгэдлээ ч болгож ирсэн ард түмэн.


Харамсалтай нь, сүүлийн он жилүүдэд монгол бөхийн спортын дэг жаяг, ёс жудаг суларч, ёс суртахууны доройтолд орох эрсдэл байна. Зүлэг ногоон дэвжээн дэх нэг бөхийн давааны цаадах даваа, унаа бүхний цаана үндэсний эрхэмлэл, өв соёл, тусгаар тотнолын үнэ цэн, монгол үндэстний уналт босолтын хувь заяа явж байдаг гэдгийг эрхэм эрчүүд, монголчуудын хайрлан шүтдэг бөхчүүд умартаж болохгүй. Хууль журамд заасан хэдий ч түрүүлсэн бөх сэргээшээс болж цол чимгээ хураалгаж, даваагүй давааны цолыг нөхөж өгөх, авах нь цаашид хэн хэндээ таатай биш. Энэ бол төр, ард түмний их баяр наадмыг үнэгүйдүүлж буй явдал” хэмээн тэмдэглэлээ. 





Связанные новости