Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой сэжигтнээр тооцон Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Н.Мөнхбат болон тус банкны зарим ажилчдыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байсан. АТГ-аас түүнд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, зарим албан хаагчдынх нь хамт сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан юм.
Дээрх хэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ", 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан хэргийг давтан үйлдсэн эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн заалтыг үндэслэн цагдан хорьсон байна.
Н.Гантуяа