Сонгуульд шударга өрсөлдөхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, тус аймагт сумын ИТХ-д өрсөлдөж байгаа МАН-ын зарим нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай мэдээллийг аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Хүрэлсүх болон тус намаас нэр дэвшигчид өглөө.
Тухайлбал, өөрийн намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрээр гарын бэлэг, түлээ нүүрс тараах зэргээр иргэдэд нөлөөлж байгааг баримтжуулан хуулийн байгууллагад гомдлоо гаргасан тухайгаа мэдэгдэв. Мөн МАН-ын зарим нэр дэвшигч төрийн байгууллагын удирдах албан тушаалыг хэвээр хашиж хуулинд заасан хугацаанд нэр дэвших хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдөөгүй зөрчил гарсан гэдгийг ч дуулгалаа.
Ардчилсан намын нэр дэвшигчдийн сурталчилгаанд ашиглах зорилгоор хэвлүүлсэн нэрийн хуудсыг их хэмжээгээр урах зэрэг бүдүүлэг үйлдлүүд гарч байгаа учир шударгаар өрсөлдөхийг аймгийн АН-ын зүгээс хүссэнээр хэвлэлийн хурал өндөрлөв.
Дорнод аймагт нийтдээ 607 хүн сумын сонгуульд өрсөлдөж өнөөдрийн байдлаар 28594 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгджээ.
Б.Туяа