БУЛГАН: Буган чулууг гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-25 09:48:01

Булган, 2024 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутаг дэвсгэрээс 1000 гаруй буган чулуу хөшөө илэрсний тодорхой хэсэг нь Хишиг-Өндөр суманд байдаг аж.


Буган чулуун хөшөөнд эртний дайчин эрийн зэвсэг болох чинжаал, билүү, зээтүү, нум, жад, бамбай дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба бугын дүрс, адуу, ирвэс, янгир, зээр, гахай зэрэг амьтад дүрсэлсэн байх нь элбэг тохиолддог.


Хишиг-Өндөр сумын Дашлүн уулын зүүн адагт хүрлийн үеийн бүлэг булш, хиргисүүрийн урд талын дэвсэг дээр нарийн ширхэгтэй боржин чулуугаар үйлдсэн дүрслэл нь тод мэдэгдэх буган чулуун хөшөө, баруун урд талд нь цулгүй хөшөө бий.


Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршиж байсан хүрэл төмрийн үеийн нүүдэлчдийн үлдээсэн түүх, урлагийн хосгүй дурсгал юм. Одоогоос 3000 жилийн өмнө киммерийчүүд анх босгосон, эсвэл 1500 орчим буган чулууны ихэнх нь буюу 1341 нь Монголд байдаг тул Монголд үүссэн гэсэн 2 хувилбар байдаг. Мөн буган чулуу дөрвөлжин булштай биш хиргисүүрийн соёлд хамаарагдах ба буган чулуу босгох заншил баруун зүгээс Монголд нэвтэрсэн гэсэн өөр нэг онол бий.


Буган чулууг гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг. Монгол нутгийн төв, баруун хойд, зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг аж.


Монгол орны буган чулуун хөшөөний олонх нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгийн нутагт тохиолддог.




Связанные новости