Б.Цэндмаа: Сургуулийн номын сангуудад үндэсний бичгээр хэвлэгдсэн ном тун ховор байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-17 11:05:46

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Нийтийн номын сангийн аргазүйч Б.Цэндмаа СУИС-ийг номын санч судлаач мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндэсний бичгээ каллиграфаар сурталчлан таниулж, боловсролын хөтөлбөр, Соёл олон түмний ажлаар аймгийнхаа уншигчдад үндэсний бичигтэй байхын сайхныг мэдрүүлэн, үлгэрлэж яваа залуу үеийн төлөөлөл, 2024 оны аймгийн Шилдэг номын санчтай ярилцсанаа хүргэж байна.


-Аймгийн Нийтийн номын сангаас үндэсний бичгийг дэмжсэн ямар ажлууд хийж байгаа вэ?

-Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвалын нэрэмжит Булган аймгийн нийтийн номын сан иргэд, уншигчдад үндэсний бичгээ сурталчлан таниулах ажлыг эртнээс хийж ирсэн.


Жил болгоны 5 дугаар сард Үндэсний бичиг соёлын өдөр зохион байгуулж, төрийн албан хаагчдын дунд “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” бүтээлч тэмцээн уралдаануудыг уламжлал болгон явуулдаг. 2024 онд "Бидний бичиг соёл" уриан дор 3 төрлийн ажлыг зохион байгуулсан. Үүнд Хурдан уншлагын уралдаан нь үндэсний бичгээрээ хурдан уншиж сурах зорилготой байсан бол дараагийнх нь Ханын сонин бүтээх уралдаан Алтаргана наадам болж буйтай холбогдуулан буриад түмний өв соёл түүхийг үндэсний бичгээрээ бүтээн туурвисан байгаа. Мөн С.Удвалын уран бүтээлийг үндэсний бичгээр сэргээх бичиж ном бүтээх уралдаан зохион байгуулахад 16 сум, 1 тосгоны иргэд уншигчид маш идэвхтэй оролцсон. Нийт 320 оролцогчоос 10 гаруй хүнийг шагнаж урамшуулсан.


Мөн байгууллагынхаа бүх өрөөний хаягаа үндэсний бичгээрээ хаягжуулсан, архив албан хэргээ хос бичгээрээ хөтлөн явуулж байна. Архивын хавтас баримт бичгүүдээ үндэсний бичгээрээ хаягжуулж байна. Үндэсний бичгээ каллиграфаар бичиж сурах боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


-Бид хос бичигтэн болоход бэлэн үү?

-2025 онд хос бичигтэн болно гэсэн мэдээлэл төрөөс ч, орон нутгийн төр захиргааны байгууллагаас ч шаардлага санамжууд, нээлттэй зарласан онлайн болон танхимын сургалтуудыг хангалттай явууллаа. Ер нь иргэдийн дунд үндэсний бичгээ хэрэглэж хэвшинэ гэсэн мэдээлэл хүлээлт байсан. Гэхдээ 2025 он туршилтын жил байх болох уу гэж бодож байна.


-Үндэсний бичгээр зохион байгуулж буй ажилд ямар насныхан илүү оролцдог вэ? 

-Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүд, насанд хүрэгчдээс 30-45 насныхан идэвхтэй оролцож байна.


-Үндэсний бичгээр аль үе нь илүү сайн алдаагүй бичиж байна вэ?

-Саяны миний хэлдгээр 30-45 насныхан илүү алдаагүй бичиж, бас алдаагүй хурдан уншдаг.


-Танай байгууллага хос бичгээр албан хэргээ явуулж байна уу?

-Явуулж эхэлсэн. Их амжилттай байгаа.


-"Хүмүүн бичиг" сониныг уншигчид хэр ашигладаг вэ?

-"Хүмүүн бичиг" сониныг уншигчдын 30 хувь нь тогтмол уншиж байна. Энэ сонины сүүлийн 10 жилийн дугаар бүрийг захиалан архивлаж уншлагад ашиглаж байна.


-Хос бичигтэн болохыг та хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Үндэсний бичиг соёл бол тухайн улс үндэстний соёлын гол дархлаа гэж боддог. кирилл бичиг бол бидэнд нутагшуулсан бичиг, харин үндэсний бичиг бол бидний үндэстэн гэж харагдах унаган бичиг соёл учир маш сайхан санагдаж байгаа. Үүнийг өнөө цагт улам дэлгэрүүлж түгээн хэрэглэж хэвшүүлэх юм бол маш олон эерэг үр дүнгүүд гарч эхлэх байх. Өөрийн үндэсний зүйлээ хэрэглэнэ гэдэг бол улс орны хөгжилд маш чухал нөлөө болох байх гэж бодож байгаа.


-Үндэсний бичгээр хэвлэсэн эртний ном зохиол номын санд хэр олон байгаа вэ?

-Үндсэн сан хөмрөгт маань маш эртний сургаал ботиуд, судар ном зэрэг 100 гаруй бүтээл байгаа, үүнээс 40 хувь нь уншлагад хэрэглэгдэж байна. Уншигчид шүлэг, яруу найраг, үргэлжилсэн үг, уран зохиол, сургаалын зохиолуудыг түлхүү уншдаг.


-Үндэсний бичгийг нийтээр ашиглах хамгийн боломжит хувилбар таны бодлоор?

-Сум сургуулийн номын сангуудад үндэсний бичгээр хэвлэгдэн гарч буй ном зохиолуудаар фонд баяжилт хийх нь иргэд уншигчид нийтээр ашиглах боломж нээгдэх байх гэж боддог. Одоогоор сум, сургуулийн номын сангуудад үндэсний бичгээр хэвлэгдсэн ном тун ховор байдаг.








Связанные новости