Дэлхийн дэвжээнд өсвөрийн шатарчид өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа уралдуулж байгаа манай шатарчдаас зургаан өргийн дараах байдлаар охидын 8 насанд Д.Өнөрзул гуравдугаар байрт бичигджээ.
Мөн хөвгүүдийн 10 насанд Е.Төгстөмөр дөрөвдүгээр, 12 насанд Г.Амартүвшин нар тавдугаар байрт тус тус бичигджээ. Гүржийн Батуми хотноо үргэлжилж байгаа тус тэмцээн 8, 10, 12 насны ангилалд болж байна. Энэ сарын 30-ны өдөр өндөрлөх уг ДАШТ-д шатарчид 11 өрөг тоглохоос зургаан өрөг тоглоод байгаа юм.
Дэлхийн 100 гаруй орны шатарчид өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн сурагчдын АШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн сурагчдын аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Д.Өлзий