Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг үнэлсэн дүгнэлтээ танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделтэй уулзжээ.
Монгол Улсын Засгийн газраас Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах ажил, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад Мендел техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай Тоби Мендел ярихдаа “Хуулийн төслийн зорилго нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой саналыг тусгасан байгаа. Ерөнхийдөө маш сайн хуулийн төсөл болсон гэж дүгнэж байна” гэв.
Энэхүү хуулийн төслийн УИХ хэлэлцэхийг
дэмжвэл шинээр байгуулах ажлын хэсэгт зөвлөмж туссан саналыг хууль
санаачлагчийн хувьд О.Алтангэрэл сайд дэмжин ажиллахаа илэрхийлжээ.