Гретцки, Овечкин нарын гоолын зөрүү 5 боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-26 11:54:03

ОТТАВА, 2025 оны гуравдугаар сарын 26. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Виннипег Жетс” багтай хийсэн тоглолтод шайб орууллаа.


Ингэснээр өдгөө 39 настай тэрбээр 889 дахь гоолоо оруулж, NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 5 шайб хийх үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм.


Энэ удаад “Вашингтон” баг нэмэлт цагт 2:3 харьцаагаар хожигдсон байна. Овечкин III үе дуусахаас 4 минутын өмнө, түүний багийн Эндрю Манжапане 20 дахь минутанд тус тус гоол оруулсан байна. Харин “Виннипег”-ийн Жош Моррисси (7), Мэйсон Эпплтон (40) Николай Элерс (62) нар гоолджээ.


“Вашингтон”, “Виннипег” багууд энэ улиралд тун амжилттай тоглож байгаа юм. Вашингтончууд 71 тоглолтод 103 оноо авснаар плей-оффт оролцох эрхээ хэдийн авч, Дорнод конференц ба Нийслэлийн дивизионд тэргүүлж байгаа бол “Виннипег Жетс” баг 72 тоглолтод 102 оноо авснаар Стэнлийн цомд тоглох эрхээ авчээ.   


Дараагийн удаад вашингтончууд 28-нд шилжих шөнө “Миннесота Уайлд” багтай талбайд нь тоглох бол “Виннипег” баг 29-нд шилжих шөнө өөрийн талбайд “Нью-Жерси Дэвилз” багийг хүлээн авна.


NHL-ийн энэ улирлын тэмцээн дуусах хүртэл “Вашингтон Кэпиталз” баг 11 тоглолт хийнэ.  

Связанные новости