Оросын залуу теннисчид Майамид аваргалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-31 10:48:24

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 31. /ТАСС/. Майамид болж буй Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ тэмцээний  хосын төрөлд Оросын тамирчин Мирра Андреева, Диана Шнайдер нар Испанийн Кристина Букша, Японы Мия Като нарыг хожсоноор аваргаллаа.   


Тоглолт 1 цаг 39 минут үргэлжилж, 6:3, 6:7 (5:7), 10:2  харьцаагаар Оросын теннисчдийн давамгайллаар өндөрлөсөн байна. Эхний үеийн тоглолтын явцад гэнэт бороо орсон тул тоглолтыг хэдэн цагийн турш зогсоожээ. Майамигийн ялалт бол Андреева, Шнайдер нарын хувьд хоёр дахь түрүү бөгөөд өмнө нь тэд нэгдүгээр сард Австралийн Брисбенд болсон тэмцээнд аваргалсан юм.


Өдгөө 17 настай М.Андреева WTA-гийн ганцаарчилсан төрлийн чансаанд 6 дугаарт бичигдэж байгаа бөгөөд түүний хувьд Их дуулгын цуврал тэмцээнүүдэд үзүүлсэн хамгийн том амжилт бол 2024 оны Францын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан явдал юм.


Өдгөө 20 настай Д.Шнайдер WTA-гийн ганцаарчилсан төрлийн чансаанд 13 дугаарт бичигдэж байгаа бөгөөд түүний хувьд Их дуулгын цуврал тэмцээнүүдэд үзүүлсэн хамгийн том амжилт бол 2024 оны АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний 4 дүгээр тойрогт шалгарсан явдал юм.  


Харин WTA-гийн хосын төрлийн чансаанд Шнайдер 26-рт, Андреева 29-рт бичигдэж байна. Тэд Парисын Олимпын хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.


АНУ-ын Флорида муж улсын Майами хотод үргэлжилж буй WTA-гийн ээлжит тэмцээн хатуу хучилттай талбайд болж байгаа бөгөөд 8,9 сая ам.долларын шагналын сантай.  

Связанные новости