“The MongolZ”-ын дэмжигчид говийн цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн цөлжилттэй хэсэгт мод тарьж ургуулдаг “Шамбала-2056” төслийн баг ээлжит нэгэн лэнд арт бүтээх ажлаа эхлүүлжээ.
Тэдний энэ удаагийн лэнд арт нь “The MongolZ” бөгөөд говь нутгийн 40 мянган ам.метр талбайд 100 мянган хайлаас мод тарих юм. Тодруулбал, “The MongolZ”, “Шамбала2056” төслийн баг хамтран монгол орны цөлжилттэй бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт тэмцэн, цөлжилтийг сааруулах зорилгоор “The MongolZ#1” гэх орон зайн урлагийг бүтээх аж. Хүн бүр уг төсөлд хамтрах боломжтой бөгөөд www.portal.mn сайтаар нэвтэрч, “The MongolZ” багаас өөрийн дэмждэг гишүүний хэсэгт мод тарих захиалга өгөх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, багийн дасгалжуулагч Maaraa “The MongolZ#1” лэнд артын М үсгийн эхний мод эзэмшигч бол, багийн тоглогч Techno4K G үсгийн эхний мод эзэмшигч. Тиймээс та өөрийн дэмждэг гишүүний үсгэн дээр мод захиалж, цөлжилтийг сааруулах их үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой болж байна.
Мод худалдан авснаар танд зориулсан мод эзэмшигчийн гэрчилгээ, талархлын захидал, жил бүрийн ургалтын тайлан, зураг, таван жилийн турш арчилгаа, усалгаа, хяналт хамгаалалт, нөхөн тарилт зэрэг үйлчилгээ дагалдана. Цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэх энэхүү бодит төсөлд хувь нэмрээ оруулахыг “The MongolZ” багийнхан уриаллаа. Энэхүү төслийг бодитоор нь харахыг хүсвэл ирэх долоодугаар сарын 18-20-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Арц цацын ус хэмээх газар зохион болох “Art'n Tech Festival of Nomads” эвентийн үеэр “The MongolZ#1” лэндшафтыг нүдээр үзэх боломжтой.
Ташрамд дурдахад, манай орны цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэхээр эхлүүлсэн “Be Human”, “Art N Tech” болон бусад төслийн хүрээнд “Шамбала2056” багийн залуус говьд 66857 хайлаас мод тарьж, ургуулжээ. Моддын тоог NASA-гийн MODIS, ESA-гийн Sentinel-2 гэх хиймэл дагуул бүртгэсэн байна. Тэдний тарьж буй тарваган хайлаас буюу Ulmus pumila гэх энэ модны төрөл говийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй бөгөөд 8-12 метр хүртэл өндөр ургаж, 100-200 жил насалдаг байна.