UFC: И.Махачев тулалдахаас татгалзвал аварга цолыг нь хураана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2025 оны дөрөвдүгээр сарын 24. /ТАСС/. Хэрвээ Оросын тамирчин Ислам Махачев хөнгөн жинд Испанийн тулаанч Илия Топуриятай халз тулаан хийхийг хүсэхгүй бол түүний аварга цолыг хурааж авна гэж холимог тулааны UFC холбооны удирдлага мэдэгдсэн байна.
АВС сонинд бичсэнээр, Махачев гүрж гаралтай Испанийн тамирчинтай тулалдахаас татгалзсан тохиолдолд Топурия Бразилын Чарльз
Оливейратай тулалдах ажээ.
Гэхдээ Оросын тулаанч испани тамирчинтай тулалдахаас татгалзаагүй
байгаа бөгөөд тэрбээр хагас дунд жингийн тулааны дүнг харзнаж, уг жинд аваргын төлөө
өрсөлдөх бодолтой байгаа бололтой.
Хагас дунд жингийн аваргын бүсийг
Америкийн Белал Мухаммад эзэмшиж байгаа бөгөөд аварга цолоо хамгаалах түүний дараагийн тулааны өрсөлдөгч нь Австралийн
Жек Делла Маддалена юм. Тэдний тулаан 5 дугаар сарын 11-нд болно.
Өдгөө 33 настай И.Махачев 2022 оны 10 дугаар сараас хойш UFC-гийн хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд дөрвөн удаа аварга цолоо амжилттай хамгаалсан байна. Хамгийн сүүлд нэгдүгээр сард Лос-Анжелест болсон UFC 311 тэмцээний үеэр тэрбээр Бразилын Ренато Мойканог боох мэхээр ялжээ. Одоогийн байдлаар, И.Махачев холимог тулаанаар /ММА/ 27 удаа ялалт байгуулж, 1 удаа ялагдаад байна.
Өдгөө 28 настай И.Топурия 16 удаа
ялж, нэг ч ялагдаагүй байгаа бөгөөд хагас хөнгөн жинд аваргалж байв.