Монголын эмэгтэй шигшээ баг ААШТ-ий “В” дивизонд өрсөлдөх эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-25 10:22:48

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2025 оны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд оролцох багуудын нэрийг албан ёсоор зарлалаа.


БНХАУ-ын Шэнжэн хотод долоодугаар сарын 13-20-нд болох энэхүү дивизонд найман баг өрсөлдөх эрх авсан юм. Урьдчилсан шатнаас Зүүн Азиас Тайвань, Өмнөдөөс Энэтхэг, Төвөөс Казахстан, Баруунаас Иран, Номхон далайн бүсээс Күүк арлууд, Таити нэмэгдсэнээр зургаан баг эрхээ аваад байлаа. Тэгвэл үлдсэн хоёр зайд Монгол, Тайландын баг энэхүү эрхийг өгчээ.


Монгол Улс Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулж манай баг хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн билээ. ФИБА-аас Монголын шигшээ багийг оролцуулах болсон албан бичигтээ “Монголын сагсан бөмбөгийн холбоо нь бүс нутгийн томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ФИБА Азийн сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй  хувь нэмрийг үнэлэн сайшааж, илэрхийлье” гэжээ.


Ингэснээр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь удаагаа “В” дивизонд тоглох гэж байна. Анх 2023 онд тоглохдоо Иран, Индонез, Малайзтай нэг хэсэгт багтаж, хожигдсоноор тэмцээнээ дуусгаж байсан юм.





Связанные новости