Унгар улсыг ОУЭШ-ээс гаргах шийдвэрийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-04-30 14:45:57

БУДАПЕШТ, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /DW/. Хааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/ Унгар улсыг гаргах тухай шийдвэрийг тус улсын парламент баталжээ. Энэ тухай Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мягмар гарагт олон нийтийн X сүлжээнд мэдэгдэв.


“Эл шийдвэрээр дамжуулан бид улс төрийн нөлөөнд автсан, төвийг сахисан байр сууриа, нэр хүндээ алдсан байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж байна" гэж Унгарын Гадаад хэргийн сайд бичжээ.


Унгар улсыг тус байгууллагаас гаргах үйл явц жил орчмын хугацаанд үргэлжилж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. ОУЭШ-ээс гарч байгаагаа Унгарын Засгийн газар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улсад айлчлах үеэр мэдэгджээ. Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрлийг ОУЭШ-ээс өнгөрсөн оны 11 дүгээр сард олгосон юм.


Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, Олон улсын эрүүгийн шүүх улс төржсөн байгууллага болсон, үүний нотолгоо нь Израилын талаар гаргасан шийдвэрүүд мөн гэж мэдэгджээ.




Связанные новости