Мадридын нээлттэй тэмцээнд А.Соболенко түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-04 13:09:03

МАДРИД, 2025 оны тавдугаар сарын 4 /AP/. Дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусийн теннисчин Арина Соболенко Мадридын нээлттэй тэмцээний финалын тоглолтод Америкийн тамирчин Коко Гауффыг буулган авснаар уг тэмцээний гурав дахь, карьерийнхаа 20 дахь түрүүгээ хүртжээ.


Ингэснээр Мадридын нээлттэй тэмцээнд 2021, 2023 онд түрүүлж байсан А.Соболенко уг тэмцээний түүхэнд хамгийн олон түрүүлсэн Чехийн теннисчин Петра Квитовагийн амжилттай эн зэрэгцсэн байна. Беларусийн тамирчин энэ жил гурав дахь цомоо өргөсөн нь энэ бөгөөд өмнө нь Брисбен, Майамигийн тэмцээнд түрүүлсэн юм. 


“Үнэхээр хэцүү тоглолт байлаа” гэж А.Соболенко дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй К.Гауффтай хийсэн тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцжээ. Тоглолт 6-3, 7-6-гийн харьцаагаар өндөрлөсөн байна. 


Ням гарагт болох Мадридын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн финалд Норвегийн теннисчин Каспер Руд Британийн тамирчин Жак Дрэйпертэй тоглоно. 



Связанные новости