АНУ-ын тал Хятадтай шударга хэлэлцээр байгуулахыг хүсэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 5 /Reuters/. Худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар Америкийн тал Хятад зэрэг олон оронтой уулзалт хийж байгаа бөгөөд Хятадын талтай шударга хэлэлцээр байгуулахыг нэн тэргүүнд чухалчилж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.
Д.Трамп "Air Force One" нисэх онгоцонд сэтгүүлчдэд хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй энэ долоо хоногт хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байгаа, гэхдээ АНУ-ын албаны хүмүүс Хятадын төлөөлөгчидтэй олон асуудлыг хэлэлцэж байгаа гэлээ. Худалдааны хэлэлцээрийн талаар энэ долоо хоногт зарлах эсэхийг асуухад Д.Трамп “магадлал өндөр” гэж хариулаад өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 2-нд ихэнх улс оронд 10 хувь, худалдааны олон түншдээ өндөр татвар ногдуулснаас хойш түүний засаг захиргааны өндөр албан тушаалтнууд худалдааны түншүүдтэйгээ хэлэлцээ хийж, татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулсан юм. Тэрбээр авто машин, ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар, Канад, Мексикт 25 хувийн татвар, Хятадад 145 хувийн татвар ногдуулсан билээ.
Д.Трамп зарим улс оронтой тохиролцоонд хүрнэ гэж найдахгүй байгаагаа илэрхийлээд, эдгээр оронд ойрын 2-3 долоо хоногийн дотор “тодорхой тариф тогтоож магадгүй” гэдгийг хэлсэн байна. Гэхдээ 90 хоногоор хойшлуулснаар долоодугаар сарын 8-наас хэрэгжиж эхлэхээр болсон хариу тарифын тухай ярьсан эсэх нь тодорхойгүй байна.
Хятад улс дэлхийн худалдаанд “биднийг олон жилийн турш хохироосоор ирсэн” гэж Д.Трамп дахин хэлээд, Ерөнхийлөгч асан Ричард Никсон Хятадтай харилцаа тогтоох алхам хийсэн нь түүний гаргаж байсан “хамгийн муу шийдвэр” гэж нэмж хэлжээ.
Тэрбээр "NBC News" сувагт баасан гарагт өгч, ням гарагт цацагдсан ярилцлагын үеэр хэлэхдээ, Хятадын талтай тохиролцоонд хүрэх хэтийн төлөвийн талаар харьцангуй өөдрөгөөр ярьжээ. Ярилцлагын үеэр тэрбээр “Хятадад маш хатуу хандаж байгаа” гэдгээ хүлээн зөвшөөрч, эдийн засгаар тэргүүлэгч хоёр орны худалдаа үндсэндээ зогссон боловч Бээжин одоо тохиролцоонд хүрэхийг хүсэж байна хэмээн хэлсэн байна.
“Бид худалдааны алдагдлыг зогсоосон. Ингэснээр бид их наяд долларын алдагдал хүлээхгүй гэсэн үг. Учир нь одоо бид тэдэнтэй бизнес хийхгүй байгаа. Тэд хэлэлцээр байгуулахыг хүсэж байна, бүр маш ихээр хүсэж байна. Энэ бүхэн хэрхэн өрнөхийг бид харах болно, гэхдээ шударга хэлэлцээр байгуулах ёстой” гэж Д.Трамп мэдэгджээ.