ОРХОН: ШУТИС-ийн төгсөх ангийн оюутнуудаас мэргэжилтэн сонгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймаг Япон улстай мэргэжил сонголт, IT инженерчлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь хүүхэд залууст том боломжийг бий болгож байна.
Өнгөрсөн жил Tab colution Co,Ltd-ийн захирал Э.Түвшинбат Орхон аймгаас төгсөх дамжааны хоёр оюутныг сонгон Япон улсын мэдээлэл технологийн компанид зуучлан ажилд оруулсан байна.
Энэ удаа илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр систем хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг /SBWorks Inc, First system consulting Co.,Ltd, QuestBoard Inc/-ийн удирдлагуудын хамт ирж ШУТИС-ийн төгсөх ангийн оюутнуудаас мэргэжилтэн сонгохоор аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Орхон аймаг, Эрдэнэт хотыг маш том хүний нөөцтэй гэж харж буйгаа Японы мэдээлэл технологийн компанийн захирлууд хэлж байна. Мөн монгол залуус аливаа зүйлийг сурахдаа амархан, чадварлаг, ганцхан хэлний бэрхшээлтэй тулгардаг гэлээ.
Орхон аймгийн нийт хүн амын 40 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд, ажиллах хүчний 11 гаруй мянга нь инженер байдаг.
Цаашид дээрх компаниудтай мэдээлэл технологийн чиглэлээр сурах хүсэлтэй ЕБС-ийн сурагчдын хүсэл сонирхлыг дэмжсэн сурагч солилцоог хэрэгжүүлэх талаар ч санал солилцов.
Ахлах ангидаа мэргэжил сонголтоо хийж, хэлээ сурвал цаг хугацаа алдахгүй ажлын байранд гарах гээд олон талын ач холбогдолтой юм.