Монгол, гадаадын эрдэмтэд харилцан туршлага солилцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Хэрэглээний шинжлэх ухаан ба инеженерчлэл” олон улсын IV хурал “Улаанбаатар галерей”-д өнөөдөр эхэллээ.
Уг хурлыг 2019 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулж буй юм. Хурал нь математик, хими, физик, инженерчлэлийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн судалгааны ажлыг олон улсад таниулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашид зах зээлийг нээлттэй, шударга, өрсөлдөхүйц байлгахад шаардах мэдлэг, судалгаа, технологийг хөгжүүлэх зорилготой.
Хуралд найман орны 120 гаруй төлөөлөгч, эрдэмтэн илтгэлээ хэлэлцүүлж байна.
Хурлын талаар ШУТИС-ийн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр ярихдаа, “Энэ жилийн хурлын онцлог нь манай эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон улсын хэвлэлийн газар болох “Springer Nature” хэвлэлийн газрын “Scopus” цувралд хэвлэх боломжтой болсон. Үүнд зохих шаардлагыг хангасан бүтээлийг хэвлүүлэх юм. 2023 онд зохион байгуулсан хурлын эмхэтгэл “Springer Nature”-ын компанийн харьяа “Atlantis press” хэвлэлийн газар 25 өгүүллэг хэвлүүлсэн. Хурал нь үндсэн салбар дөрвөн хуралдаантай. Үүнд, математик, физик, хими, инженер орно. Ач холбогдол нь математик, физик, хими гэсэн суурь шинжлэх ухааныг инженер технологийн салбарт хэрэглээ болгож, төлөвшүүлэх зорилготой. Мөн гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллаж, бүтээл туурвих, өгүүллэг бичих боломжийг олгохын тулд энэхүү хурлыг зохион байгуулж байна” гэв.
Энэхүү хурал хоёр өдөр үргэлжилнэ.