Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЯНЬЖИН, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын
/ШХАБ/ түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй 25 дахь удаагийн дээд хэмжээний
уулзалт Хятад улсын Тяньжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалтад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн нар, 20 гаруй олон улсын байгууллагын удирдагчид оролцов.
Дээд хэмжээний уулзалт буюу албан ёсны нэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас 2035 он хүртэлх ШХАБ-ын хөгжлийн стратегийн төлөвлөгөө ба Тяньжины тунхаглал гэсэн хоёр үндсэн баримт бичгийг баталснаас гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Стратегийн төлөвлөгөөнд ШХАБ-ын үнэт зүйлс ба зарчмуудад тулгуурлан гишүүн улс орнууд хоорондын харилцан итгэлцэл ба найрсаг харилцааг бэхжүүлэх, ШХАБ-д нүүрлэж сорилтууд, аюулыг сөрөн зогсох, худалдаа, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтуудыг тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлсон байна.
Харин энэ удаагийн дээд
хэмжээний уулзалтын үр дүн ба гишүүн орнуудын байр суурийг Тяньжины Тунхаглалд тусгажээ.
Эдгээрээс гадна бусад албарт
хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг дурдвал: Хэт даврах
үзэл суртлыг сөрөн зогсоход чиглэсэн ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны
Хөтөлбөр, 2030 он хүртэлх хугацаанд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах стратегийн
төлөвлөгөөг хэрэгжүүлэх замын зургийг баталснаас гадна ШХАБ-ын гишүүн орнуудын
аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон
талт ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн
тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав.
Нэгдсэн төв нь ШХАБ-ын бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн суурин дээр Узбекистаны нийслэл Ташкент
хотноо, Хар тамхитай тэмцэх төв нь Тажикстаны нийслэл Душанбе хотод тус тус
байрлана.
Мөн өргөн хүрээтэй төслүүдийг санхүүжүүлэх шинэ хэрэгсэл болох ШХАБ-ын Хөгжлийн банкийг байгуулахаар тохиролцсон нь эдийн засгийн асуудлаар ойрын үед гаргаагүй чухал шийдвэр байлаа.
Тус байгууллага бүтцийн шинжтэй шинэчлэл хийсэн нь “ажиглагч” ба “яриа хэлэлцээний түнш” гэсэн статусуудыг нэгтгэж, “ШХАБ-ын түнш” гэсэн нэгдсэн статусыг бий болгох тухай шийдвэр бөгөөд Тяньжины уулзалтын явцад Лаос улсад эл статусыг олголоо. Статусыг нэгтгэсэн нь ШХАБ-ын олон улсын хамтын ажиллагааны тогтолцооны хэлбэрийг илүү оновчтой болгох зорилготой ажээ.
Эдгээрээс гадна ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлөөс дараах
асуудлуудаар мэдэгдэл гаргалаа. Үүнд: Дэлхийн II
дайн дуусаж, НҮБ байгуулагдсан;
цахим эдийн засгийн салбарт
хамтран ажиллах тухай; эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил; ногоон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа;
хиймэл оюун ухааны салбарт
олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай; олон талт худалдааны тогтолцоог дэмжих тухай;
шинжлэх ухаан-техникийн ба инновацын хамтын ажиллагааг
бэхжүүлэх тухай; дэлхийг
хамарсан хар тамхины асуудал, түүнтэй тэмцэх талаар үр дүнтэй шийдвэр гаргах
зэрэг болно.
Тяньжины уулзалтын дараа ШХАБ-ыг даргалах эрх Киргиз улсад шилжиж байна. Тус байгууллагын дараагийн дээд хэмжээний уулзалт 2026 онд “ШХАБ-ын 25 жил: тогтвортой дэлхий ертөнц, хөгжил цэцэглэлт рүү хамтдаа” гэсэн уриан дор болно.