Г.Занданшатар: Хийн хоолойг Монголоор дайруулах бүтээн байгуулалт мянганд хэрэгжих том төсөл юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-02 16:35:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа сайд нарын хамт Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг өнөөдөр танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Энэхүү хэвлэлийн хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон талаар онцлов.


Тэрбээр хэлэхдээ, “Хоёр сайн мэдээг зарлах нь зүйтэй. Нэгдүгээрт, олон улсын үнэлгээний “Фитч рейтингс” байгууллагаас манай улсын зээлжих зэрэглэлийг “В+, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлав. Хоёрдугаарт, Монгол Улсаар дамжуулах хийн хоолойн төслийг “Газфром” болон “Си Эн Пи Си” гэдэг хятадын компани хоёр “Союз Восток” буюу “Сибирийн хүч 2” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан сайн мэдээ байна. Энэ бол 100 жилд биш мянганд хэрэгжих агуу том төсөл гэж үнэлсэн. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа хоёр компани гарын үсэг зурж газын худалдан авалтыг нэмэгдүүлэх том төслийг Монголоор дамжуулж хэрэгжүүлэхээр болжээ. Энэ бол урт хугацааны маш том төсөл. Монгол Улсад боломж олгох бүтээн байгуулалтын үндэс суурийг тавьсанд баяртай байна” хэмээв.


Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын  төрийн тэргүүн нарын VII уулзалт 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо боллоо. Гурван улсын төрийн тэргүүн нарын энэхүү уулзалт Узбекистан улсын Самарканд хотноо 2022 онд болсноос хойш 3 жилийн дараа болсон юм.

Связанные новости