Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-05 18:45:42
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй тус компанийн төлөөллийг есдүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв. 


Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.


Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хооронд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурлаа. 

Связанные новости