Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг "Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэснийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-09-05 20:21:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан есдүгээр сарын 5-ны өдөр Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевт бараалхав.


Уулзалтын эхэнд, Ерөнхийлөгч К.Токаев, Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү  айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улс бол Ази тив дэх найдвартай, чухал түнш бөгөөд бидний уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болж байна хэмээн тодотголоо. Монгол Улс бол Ази тив дэх найдвартай, чухал түнш хэмээгээд бидний уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болж байгааг Ерөнхийлөгч К.Токаев онцолсон юм. Түүнчлэн Монгол, Казахстан хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Төв Ази дахь анхны “Стратегийн түнш”-Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, хоёр улсын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншлаараа гүн гүнзгий хэлхээ холбоо бүхий уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжиллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэснийг тэмдэглэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжлав.


Манай хоёр улсад харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх өргөн нөөц бололцоо бийг тодотгоод энэ хүрээнд Казахстан Улстай тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.  Тэрбээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг бүрэн дэмжиж ажиллахаа уламжилж байв. 


Түүнчлэн хоёр орны иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтэгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд тээвэр, логистикийн шинэ дөт маршрутыг бий болгох, агаарын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойд талууд санал нэгдлээ.

Связанные новости