Ерөнхий сайд Г.Занданшатар “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-08 14:51:31

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцав.


Орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компани байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд эхлүүлнэ. Өмнө нь өдөрт 5 тн тэжээл үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрээ өргөтгөж хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр шинжлэх ухаанд суурилсан эрдэст тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах нөхцөл бүрджээ.


Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг юм. Эрдэст тэжээл нь махны гарц нэмэгдүүлэхээс гадна ган зуд зэрэг цагийн байдал хүндэрсэн үед малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй даван туулахад үр дүнтэй болох нь амьдрал дээр нотлогджээ. Тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий болсноор малчид замын зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болжээ. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөснөөр ажлын байр нэмэгдсэн гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. 



Связанные новости