“Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” сэдэвт бүс нутгийн сургалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Монголын гадаад худалдааг дэмжих төсөлтэй хамтран энэ сарын 11-12-нд “Ази, Номхон далайн худалдааны интеграцыг бэхжүүлэх нь” сэдэвт бүс нутгийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)-ийн гишүүн болон бүс нутгийн нийт 10 орны 30 гаруй албаны төлөөлөл, эрдэмтэн судлаач оролцож байгаагийн зэрэгцээ Энэтхэг, Хятад, Сингапур, Шри Ланка, Австрали, Индонез зэрэг улсын нэр хүндтэй их дээд сургууль, судалгааны байгууллагын илтгэгч нар илтгэл тавьж буй. Монголын талаас төрийн холбогдох яам, агентлаг, их сургууль болон хувийн хэвшлийн төлөөллийг хамарсан 35 оролцогч оролцож байна.
Энэ удаагийн сургалтын зорилго нь бүс нутгийн худалдааны интеграцийн явц болон чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, цахим худалдаа, үйлчилгээний худалдаа, худалдааг хөнгөвчлөх болон хөрөнгө оруулалтын зохицуулалттай холбоотой асуудлыг авч үзэж, улс орнуудын тарифын харьцуулсан судалгаа, шинжилгээний аргачлалыг танилцуулах замаар цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход оршиж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.