Балбын Ерөнхий сайдаар анх удаа эмэгтэй хүн томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-13 14:16:28

КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 13 /Kazinform/. Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Каркиг шилжилтийн засгийн газрын тэргүүнээр томилсон тухай “Khabarhub” цахим хуудсанд мэдээлжээ. 


Тангараг өргөх ёслол Катманду хот дахь "Шитал Нивас" ордонд боллоо. Каркиг томилох шийдвэрийг Балбын арми, Ерөнхийлөгч болон саяхан болсон эсэргүүцлийн жагсаалд гол үүрэг гүйцэтгэсэн "Gen-Z" хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа гаргасан байна. 


Шинэ Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа парламентыг тараах анхны шийдвэрээ гаргасан байна. Энэхүү шийдвэрийг тангараг өргөх ёслолын дараа зохион байгуулсан сайд нарын шинэ танхимын анхны хуралдааны үеэр мэдэгджээ.


Шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнийг ойрын өдрүүдэд өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ алхам нь "Gen-Z" хөдөлгөөнийхний тавьж буй улс төр, институцийн шинэчлэл хийх шаардлагыг биелүүлэхэд чиглэсэн гэж Карки онцолсон байна. 


Сушила Карки бол хуульч, шинэчлэгч гэдгээрээ алдартай. Тэрбээр Балбын Дээд шүүхийн даргаар 2016-2017 онд ажиллаж байсан бөгөөд энэ албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болсон юм. Дээд шүүхийн даргаар ажиллах хугацаандаа авлигын эсрэг идэвхтэй тэмцэж, ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг тууштай хамгаалж байв.


Балбын Засгийн газар нийгмийн сүлжээнүүдийг хаасны дараа есдүгээр сарын 8-9-нд жагсаал болж, улмаар үймээн самуун дэгдсэн билээ. Жагсаалыг оюутнууд болон Gen-Z хөдөлгөөний идэвхтнүүд зохион байгуулсан байна.


Балбын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, олныг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр 51 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Хорих ангиудаас 15 мянга гаруй хоригдол оргосон тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Үймээний үеэр улсын дэд бүтцэд учирсан хохирол 1.4 тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэж байна.


Связанные новости