ДАРХАН-УУЛ: Богино хугацаанд ургац хураахад их, дээд, мэргэжлийн сургуулиуд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-16 14:50:35

Дархан, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 18 мянга орчим га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа тариалсан. Одоогоор төмс, хүнсний ногооны хураалт 40 орчим хувьтай үргэлжилж байгаа бол үр тариа гурван хувьтай байна. Тиймээс аймаг, сумдын удирдлагууд өнөөдөр их, дээд, мэргэжлийн сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулж, ургац хураалтад хамтран ажиллах талаар ярилцлаа.


Тариаланчид 700 гаруй ажиллах хүчний захилга ирүүлсэн бол их, дээд сургуулиудаас 1200 оюутныг ургац хураалтад ажиллуулах боломжтойг уулзалтын үеэр захирлууд мэдэгдлээ.




Оюутнуудыг ажиллуулахдаа цалинг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, цагт нь цалинг нь олгох, байрны нөхцөл, хоолны чанарт онцгой анхаарах, ажиллах хүчнийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт ач холбогдол өгч, аль аль талдаа хариуцлагатай байхаар гурван талт гэрээ байгуулахаар боллоо.


Ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдлыг тариаланчид өөрсдөө хангасан байх ёстойг сумдын удирдлагууд онцлов.


Хэрэв дээрх оюутнууд бүрэн хамрагдаж ургац хураалтад оролцвол төмс, хүнсний ногоог аравдугаар сарын эхэн үед дуусгах боломжтой гэв.



Хугацаандаа ажлын хөлсийг олгохгүй, ажиллах нөхцөл, хоол унд зэрэгт нь анхаарч чадахгүй байгаа талаар гомдол гарч байсан тул тариаланчдыг анхааралдаа авч ажиллахыг аймгийн засаг дарга орлогч Я.Бат-Очир санууллаа.


Өнгөрсөн жилийн тухайд нэг оюутны өдрийн хөлс 50 мянган төгрөг байсан. Энэ жил тухайн хөлсийг бууруулахгүй байхыг ч их дээд, мэргэжлийн сургуулийн захирлууд хэлж байв.




Дархан-Уул аймагт ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургууль, ШУТИС-ийн харьяа ДаТС, АШУҮИС-ийн харьяа Анагаахын сургууль, Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн салбар, Дархан дээд, Уул, уурхайн политехник, Дархан Өргөө, Дархан политехникийн коллеж, Мандах бүртгэл зэрэг арав орчим сургууль үйл ажиллагаа явуулж байна.


Ташрамд, аймгийн хэмжээнд 400 иргэн, ААНБ төмс, хүнсний ногоо тариалсан байна. Зуншлага муу, гандуу, ургацын болц тааруу байснаас хураалт ийнхүү хойшилсон болохоор хөрсөн дээр цочир хүйтрэхээс өмнө ургацаа бүрэн хурааж дуусгахад хүн, хүчний шаардлага тулгарсан тул ийнхүү гурвалсан гэрээний хүрээнд хамтран ажиллахаар болжээ.


 


Связанные новости