”Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төслийн талаар танилцуулав.
Тус стратегийн төсөлд тусгасан зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, үр дүнг "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Энэхүү стратегийн дөрвөн зорилт бүхий 13 арга замаар 66 арга хэмжээг 2026-2030 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, хиймэл оюуны экосистемийг бүрдүүлэн уул уурхай, финтек, байгаль орчны салбаруудад хиймэл оюуны загвар хөгжүүлж, экспортлох, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг дотоодын тэргүүлэх салбаруудад хиймэл оюуныг нэвтрүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын дата төв байгуулах чиглэлээр хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Азид тэргүүлэгч 10 улсын нэг болох зорилго дэвшүүлжээ.
Товч мэдээ
-“Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн
хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн
хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт
шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан
зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр
төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах
талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын
хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс баялгийн сайдад даалгалаа.
-“Зарим газар нутгийг улсын тусгай
хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46
дугаар тогтоолоор гурван газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг
газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар, нийт 19 газрыг улсын тусгай
хамгаалалтад авч, газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн
газарт даалгасан. Өнөөдрийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын
хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн
талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн
заагийг тогтоолоо.
-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028
оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эхний
хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулав.
Хуралдаанаас хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны
дагуу хяналт-шинжилгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн
газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны
байгууллагын дарга нарт үүрэг болгов.