НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-25 11:43:36

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.


Монгол Улс анх 1973 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-д гишүүнээр элсэж, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг устгах, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн нийтийн зорилгод нэгдсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулснаар Монгол Улсад хэрэгжүүлэх олон улсын төсөл хөтөлбөрийн тоо нэмэгдэх сайн талтайг тэмдэглээд, Суурин төлөөлөгчийн газарт Засгийн газраас үнэ төлбөргүй олгох байр, тоног төхөөрөмж, үйлчилгээний зардлын тооцооллыг хийсэн эсэх, энэхүү төлбөр төсөвт ачаалалтай өгөх эсэхийг тодруулсан юм.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 1973 онд гишүүн болсон ч манай асуудлыг Бээжингээс хамаардаг байсан. Тусгаар улсын хувьд олон улсын байгууллагуудаа өргөтгөх нь Монгол Улсад их ач холбогдолтой. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дипломат эрх нь бусад олон улсын байгууллагуудтай адил байна. Эхний ээлжид албан тасалгааны ширээ сандал, харилцаа холбооны зориулалттай зардал гарна. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт суулгаад шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Нэг удаагийн зардал гарна. Нэг удаагийн захиргааны бага зэргийн зардлыг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдолтой харьцуулах аргагүй. Тус байгууллагаас нийт 176.4 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлээд байна. Суурин төлөөлөгчийн газартай болсноор төсөл хөтөлбөрийн тоо, хамрах хүрээ тэлэх боломжтой гэсэн хариултыг өгсөн юм.


Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Связанные новости