ДОРНОД: Нөмрөгийн ДЦГ Монголд төдийгүй дэлхийд ховордсон ан амьтадтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-25 14:38:09

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нөмрөг голын сав нь манай улсын зүүн захаар орших Иххянганы уулсын баруун хойд захын хэсгийн ойт хээр, хээрийн газарзүйн бие даасан муж болох үлэмж онцлог нутаг юм.


Нөмрөгийн дархан цаазат газарт
Монголд төдийгүй дэлхийд ховордсон ан амьтад, ургамал бий. Монгол Улсын Улаан номд орсон Хар мөрний хандгай, дагуур зараа, Евроазийн халиу, мөн халиун буга, хүрэн баавгай, бөр гөрөөс, зэгсний гахай, илбэнх, тоодог, гургуул зэрэг дархан цаазтай ховор амьтан, жигүүртэн шувуудаар нэн баялаг.


Нөмрөг, Халх голын сав нутгаар нийт 263 зүйлийн шувуу байдгаас 181 нь энэ нутагтаа өндөглөн зусдаг. Нөмрөгийн гол, түүнд цутгадаг голуудад тул, зэвэг, хар мөрний хадран, хар мөрний сугас, нүцгэн варлан, улаан живэрт, могой загас, булуу цагаан, хар мөрний цулбуурт зэрэгт 24 зүйл загас бий.


Чойбалсан хотоос зүүн урагш 420 км, Халх гол сумын төвөөс 80 км зайтай орших энэ нутгийг 1992 онд дархан цаазат газар болгожээ. Сонирхуулахад, Монголын нууц товчоонд Далан Нэмүргэ, Хянганы даваа, АбжиаХүдгэр, Тэмээн хяр хэмээн дурдсан байдаг. 


Связанные новости