Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-26 17:16:59

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.  


Улс төрийн намын тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуульд улс төрийн нам банкны зөвхөн нэг данстай байхаар зохицуулснаас үүдэн намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах зэргээр хүндрэл үүссэн.


Энэ нь улс төрийн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт ил тод, нээлттэй байх хуульд заасан шаардлага хангагдах боломжгүйд хүргэж, иргэдийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох эрхийг бодитой эдлүүлэх эрх зүйн баталгаа хангагдахгүй байна гэж үзжээ. Мөн УИХ-д суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, санхүүжилтийн хэмжээнээс хамаарч намын бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагаа тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэж хууль санаачлагч тодотгов. 


Түүнчлэн улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэх, харъяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг тусгахаар хуульчилсан нь нам санхүүгийн тайлагналын хувьд олон дамжлага дамжихын зэрэгцээ хуульд заасан санхүүжилтийн дээд хэмжээ зөрчигдөхөд хүргэж байна хэмээн танилцууллаа. 


Иймд Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтуудад өөрчлөлт оруулж, Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, эс оролцох эрхийг хангах зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Связанные новости