Өвөлд бэлдэж тусгай зориулалтын машин техникээр хангаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-30 08:52:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас энэ онд тусгай зориулалтын 241 машин техник оруулж ирэхээс одоогоор 170 орчмыг нь хүлээж аваад байна.


Эдгээр машин, техникийг гүйцэтгэгч байгууллагуудад 5 жилийн хугацаанд урьдчилгаагүй, хүүгүй, лизингээр өгснөөр санхүүгийн хүндрэлл орохгүйгээр сар бүр ашиглалтын төлбөрөөс сан үүсгэн, цаашид парк шинэчлэлээ тогтмол, тасралтгүй хийх боломж бүрдүүлжээ.


“Энэ өвөл цас ороход явган зам дээр хүрз барилгүй тоног төхөөрөмжөө сайн ашиглах хэрэгтэй. Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниуд хүн хүч, тоног төхөөрөмжөө хүчин чадлынх нь дагуу ашиглаж, иж бүрнээр нь хэрэглэж сурах шаардлагатай”-г нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дүүргүүдийн менежер болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотгов.


Улаанбаатар хот 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисоо машинд ачаад гараар цацах, явган замын цас, мөсийг цохиураар цохин, шүүрдэж цэвэрлэдэг байлаа. Хот, нийтийн аж ахуйн салбарт 2023 оны 12 дугаар сард 87, 2024 онд 117 машин техник авсан парк шинэчлэлийг эхлүүлсэн билээ.


Түүнчлэн, нийслэлийн ногоон байгууламжийн 157 га талбайд энэ онд 61521 ширхэг мод бут тарьж, 64 га талбайг услан, 40112 м.кв зүлэг нэмж ургуулж, 147312 мод бутыг гурван удаа хэлбэржүүлэн, 1639 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Связанные новости