ДОРНОД: Аймгийн хэмжээнд 8900 ахмад настан бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нийт 8900 ахмад настан байгаагаас 5340 нь эмэгтэй, 3560 нь эрэгтэй. Хамгийн өндөр настай Яримпилын Өсөх 101 нас, Цэдэнгийн Цэнд, Лхамжавын Мөнгөнцэцэг нар 100 насыг зооглож байна.
Дорнод аймаг ахмад настнуудынхаа хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр 2014-2016 онд “Ахмадаа ачлах дэд хөтөлбөр”, 2016-2024 онд “Ахмадын ачлал” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, ахмад үеийн туршлага, ур чадварыг хүүхэд, залуучуудад өвлүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Ахмадын байгууллагуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх чиглэлээр анхаарч, сум, баг бүрт “Ахмадын өргөө” байгуулсан юм.
2020 оноос ахмадын байгууллагуудын удирдлагад харилцаа холбоо, унаа шатахууны дэмжлэг, урамшуулал олгодог болсноор анхан, дунд шатны ахмадын байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж, ахмад настны хөгжил, оролцоонд тодорхой хэмжээгээр ахиц гарч байна.
Чойбалсан хотын нийтийн тээврээр
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг 2014
оноос эхлүүлсэн юм. Тухайн үед нийтийн тээврийн 2 чиглэлд бага оврын автобусаар
үйлчилж байсан бол одоо 7 чиглэлд дунд оврын автобусаар ажлын өдрүүдэд өдөрт
4-6 удаагийн эргэлттэйгээр жилд дунджаар давхардсан тоогоор 110 мянга гаруй
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байна.