ДАРХАН-УУЛ: Сундуйжавын Насанбатыг аймгийн хүндэт иргэнээр батламжилж алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-17 16:34:56

Дархан, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дархан хот байгуулагдсаны түүхт 64 жилийн ой тохиож байна. Ойн өдрийн баярын хурал Залуучууд театрт болж хүндэт иргэнийг батламжлах, хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, төрийн дээд одон, медаль гардуулах үйл ажиллагаа боллоо.



Дархан-Уул аймгийн“Хүндэт иргэн”-ээр аймгийн засаг даргаар хоёр удаа, ИТХ-ын даргаар нэг удаа сонгогдон ажиллаж байсан Сундуйжавын Насанбатыг тодруулж батламж, энгэрийн зүүсгэл, дурсгалын зүйлийг гардуулан өглөө.




Сундуйжавын Насанбат нь 1991 онд Батлан хамгаалах яамнаас ажлын гараагаа эхэлж, Улаанбаатар хотын захиргаа, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, “Би энд жи” ХХК, “Шарын гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2012–2020 онд, аймгийн засаг дарга, 2020–2024 онд аймгийн ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан юм.


“Шарын гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэн 378 сая тонн нүүрсийг Монгол Улсын нөөцөд бүртгүүлж, хойд бүсийн дулааны эрчим хүчний хангамжийг бүрдүүлэн аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээний нүүрсийг тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлжээ.



Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль, тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тогтвортой өсгөсний үр дүнд Дархан-Уул аймаг 2017, 2018 онуудад дараалан Монгол Улсын “Тэргүүний аймаг”-аар шалгарсан юм.



Ташрамд аймгийн “Хүндэт иргэн”-ийг ИТХ-ын даргын шийдвэрээр тодруулж, батламжилдаг уламжлалтай. Ингэхдээ төрийн бодлого шийдвэрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан амжилт зэрэг олон нөхцөл, шалгуурыг үндэслэдэг байна.

Связанные новости