ДАРХАН-УУЛ: Хүндэт дэвтэрт дөрвөн иргэнийг бичиж алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-17 17:36:38

Дархан, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 17-нд Дархан хот байгуулагдсан өдрийг тэмдэглэдэг. Өнөөдөр тохиож буй 64 жилийн ойн баярын хурлаар Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулсан Хишигтийн Бааст, Санжхүүгийн Бямбаа, Базардарийн Хаш-Эрдэнэ, Батхуягийн Батжаргал нарыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар хүндэт дэвтэрт бичиж алдаршууллаа.


Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулахад тодорхой журам байдаг бөгөөд иргэн, ААНБ-ууд салбарынхаа шилдэг ажилтнуудынхаа мэдээллийг хотын ойн өдрөөс өмнө аймгийн ЗДТГ-т хүргүүлдэг засаг даргын захирамжаар тодруулдаг байна.


Дархан хотын түүхт 64 жилийн хугацаанд 198 иргэнийг бичиж алдар нэр, ажил үйлсийг мөнхжүүлжээ.


Өнөөдөр хүндэт дэвтэрт дараах иргэд бичигдлээ.


Хишигтийн Бааст: Их бүтээн байгуулалтын эхэн үеийн түүхэн барилга, байгууламжуудын тээвэр, хангалтын ажлыг хариуцан олон чухал барилга, байгууламжийг ашиглалтад оруулахад тээврийн ажлын фронтод хүчин зүтгэж байсан, тээврийн осол эндэлгүй 42 жил ажилласан үлгэр жишээ жолооч юм.




Санжхүүгийн Бямбаа: 1971 оноос эрчим хүчний салбарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд техник, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх, түлш, эрчим хүч, уур, усны алдагдлыг бууруулах, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж бодитой үр дүн гаргаж байжээ.




Батхуягийн Батжаргал: 1994 оноос “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д ажиллаж эхэлсэн. Эрчим хүчний салбарт 37 дахь жилдээ тасралтгүй ажиллаж буй Монгол Улсын зөвлөх инженер юм. Тэрээр эрчим хүчний хяналт удирдлага, арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын системийг цогцоор нь шийдэж чадсан байна.




Базардарийн Хаш-Эрдэнэ: 1989 онд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д ээлжийн инженерээр ажиллаж эхлэн Ашиглалтын албаны дарга, Ахлах инженер, Инженерийн албаны дарга, 2016–2024 оны хооронд Ерөнхий инженер зэрэг албан тушаалд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Тэрээр Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер бөгөөд 2020–2024 онуудад Монгол Улсын шилдэг 100 инженерийн нэгээр шалгарсан.



Связанные новости