“Онтрэ” компанид хэлэлцээ хийх баг ирүүлэх урилгыг хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-21 19:23:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж холбогдох талуудын мэдээллийг сонслоо.


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.


Тэрбээр, “Онтрэ” компанид хэлэлцээ хийх баг ирүүлэх урилгыг хүргүүлж, холбогдох хариугаа өнөөдөр хүлээн авсан. Хэлэлцээ хийх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. “Рио Тинто” компаниас энэ сарын сүүлээр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээхээр шийдэж, холбогдох мэдээллээ ирүүлсэн байгаа. “Онтрэ” компанийн зүгээс 2004 оны “Ашиг хуваах гэрээ”-ний хүрээнд өөрийн хүртэх 20 хувийн хүрээнд 34 хувийн хэлэлцээрт орох саналтай байгаагаа илэрхийлсэн ч Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс 100 хувийн хүрээнд хэлэлцээрт орох байр суурьтай байгаа хэмээн мэдээлэл өгчээ.


Монгол Улсын Ерөнхий сайдын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ахлуулсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн талаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагаас гаргасан загварчлалын дагуу хувилбарт тооцооллуудыг хийж, “Оюу толгой” компанийн санхүү, тооны өгөгдөлд дүн шинжилгээ хийжээ. Мөн олон улсын зах зээлд гарсан зээл, бондын судалгааг гүйцэтгэж ажиллаж байгаа аж.


Монголын тал “Рио Тинто” буюу хувь нийлүүлэгчдийн хамаарал бүхий талуудад хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд зохион байгуулах саналаа албан ёсоор хүргүүлж, “Рио Тинто” компани товлосон хугацааг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.


Түүнчлэн зээлийн хүүгийн асуудлаар хөндлөнгийн, зөвлөх багууд, эрдэмтэн, судлаачдаар давхар тооцоо, судалгаа хийлгэн, ажлын дэд хэсгийн тооцооллыг баталгаажуулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.


Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмал ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай,  байгаль орчны асуудал хариуцсан ажлын дэд хэсэг, Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан дэд ажлын хэсэг, Эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцсан дэд ажлын хэсэгтэй ажиллаж байгаа аж. 


Монгол Улсын газар нутаг дээр, Монгол Улсын газрын хэвлийн баялгийн талаарх хэлэлцээ хийж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг мөрдөх ёстой гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал хэллээ. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Оюу толгой төслийн хэлэлцээтэй холбоотой асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгааг тэрбээр цохон тэмдэглэв.

Связанные новости