ЗАВХАН: Урд шөнө Цэцэн-уул суманд хөрсөн дээрээ -41 градус хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-15 13:34:47

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 11 суманд урд шөнө хөрсөн дээр хамгийн бага температур -30 ... -38 градус хүйтэн хоножээ.


Тус аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Баянтэс, Завханмандал, Алдархаан, Их-Уул, Сантмаргаз, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу сумуудад агаарын дундаж температур өдөртөө -4 .... -10 градус хүйтэн, шөнөдөө -24 .... -30 градус хүйтэн байлаа.


Урд шөнө хөрсөн дээр хамгийн хүйтэн нь Цэцэн-уул сумд -41 градус хүрч хүйтэрсэн. Баянтэс, Түдэвтэй сумуудад өдөртөө цас ороогүй, бусад 22 суманд өдөртөө цас орж шуурсан байна.


Температур хэмээх ойлголт нь цаг агаар уур амьсгалын чухал үзүүлэлт бөгөөд хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах чухал шалгуур үзүүлэлтийн нэг болдог. Агаарын температур гэдэг нь агаар дахь халуун эсвэл хүйтнийг хэмжих хэмжүүр юм.


Завхан аймгийн тухайд их хүйтрэлт, 2016 онд агаарын хамгийн бага температур Цэцэн-Уул суманд -54.7, Отгон суманд -55.3 градус хүрч хүйтэрсэн нь түүхэн хугацаанд хамгийн их хүйтрэлттэй жил болж тэмдэглэгдсэн байдаг.

2018 оны нэгдүгээр сард Цэцэн-Уул суманд -53.2°C, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Баянтэс, Тэс, сумын нутгаар -50 ... -52°C хүрч их хүйтрэлт ажиглагдсан байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

 

Связанные новости