ТӨВ: Зөв тайрсан мод илүү удаан амьдардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж буй модыг танаж, тайралт хийж байгаатай холбогдуулан "Зуунмод цэцэрлэгжүүлэлт" ААТҮГ-ын мэргэжилтэн С.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Зуунмод суманд нийтийн эзэмшлийн талбайд нийт хэдэн мод, бут, сөөг байдгаас хэдийг нь тайрсан бэ?
-Нийтийн эзэмшлийн талбайд 72 мянга гаруй мод, бут, сөөг бий. Энэ жил хавар, намрын таналт тайралтаар 323 мод тайрсан.
-Модны тайралтын гол ач холбогдлыг ургалт дэмждэг гэж сонссон. Яагаад юм бол?
-Тайралт нь хуурай, өвчилсөн, ялзарсан мөчрүүдийг хаядаг. Ингэснээр өвчин, хортон шавж тархахаас сэргийлж, эрүүл хэсэг рүү нян, мөөгөнцөр нэвтрэхийг зогсоодог. Тайралт нь модыг “амрааж”, шинэ мөчир, найлзуур ургахад бэлэн болгодог. Хэт өтгөрсөн титмийг сийрэгжүүлэх нь нарны гэрэл, агаар сайн нэвтрэх орчныг бий болгохын зэрэгцээ ургалт жигд, тэнцвэртэй болох боломжийг бүрдүүлдэг байна.
Жимсний модыг тайрах нь илүүдэл мөчрийг багасгаж, шим бодисыг жимс рүү чиглүүлж, шинэ жимсний мөчир гарч, ургац нэмэгдэн, жимсний хэмжээ, амт чанар сайжирдаг.
Зөв тайралт хийсэн мод 2–3 дахин илүү удаан амьдардаг. Мөн экологийн давуу тал нь нүүрстөрөгч шингээх чадварыг нэмэгдүүлдэг.

-Тайрахгүй бол яах вэ?
-Ялзарсан мөчрөө авч хаяагүй мод хэдхэн жилийн дотор бүхэлдээ мууддаг. Модыг тайрах нь модыг гэмтээдэг үйлдэл биш, харин амьдралыг нь уртасгадаг эмчилгээ юм гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна.
-Нийтийн эзэмшлийн талбайн мод, бутанд цасалгааны ажлыг хийсэн байсан. Энэ нь ямар ач холбогдолтой ажил вэ?
-Нийтийн эзэмшлийн талбайн болон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ургаж буй мо,д бутанд цасалгаа хийсэн.
Ингэж модны үндэс орчмыг цасаар бүрхэх нь өвлийн улиралд
ургамлыг хамгаалах маш ашигтай арга юм.
Тухайлбал, Хөрсийг дулаан байлгадаг. Хөрсөн дээр 20–30 см зузаан цас байх үед хөрсний гүн хөлдөхгүй, үндэс систем хүйтнээс хамгаална. Энэ нь ялангуяа залуу мод, бут сөөгөнд маш чухал. Хавар цас хайлахдаа чийгтэй усыг хөрсөнд шингээж, ургамлын эртний усалгааг хангадаг. Энэ нь хуурай хаврын үед ургамлын ургалтыг сайжруулна. Мөн салхиар хөрсний дээд хэсэг хөлдөж хатах, үндэс ил гарах эрсдэлтэй. Иймд цас нь салхины хамгаалалт болж, хөрсний чийгийг хадгална. Хөрсний температур, чийг, агаарын солилцоог жигд байлгаж, амьд бичил биетний идэвхийг хадгалдаг олон талын ач тустай юм.
-Ярилцсанд баярлалаа.
Связанные новости
Ulaanbaatar