Украинд 100 ширхэг Dassault Rafale сөнөөгч онгоц нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-18 10:40:29

ПАРИС, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар Францаас Украинд 100 нэгж Dassault Rafale сөнөөгч онгоцыг нийлүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.


Зеленский хэлэхдээ, эдгээр онгоцыг худалдан авснаар дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдох агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн нэгийг байгуулах боломж бүрдэнэ гэлээ.


Украины тал  Rafale сөнөөгчөөс гадна Франц-Италийн хамтран үйлдвэрлэсэн, агаарын довтолгооноос хамгаалах ПВО SAMP-T систем, “агаар-агаар” ангиллын пуужингууд, авиа бөмбөгүүдийг худалдан авч магадгүй байна.


Мөн “энэ онд багтан амдан сөнөөгч дронууд үйлдвэрлэх, Украины дронуудын технологийг боловсронгуй болгох хамтарсан төслүүд хэрэгжиж эхэлнэ” гэдгийг Зеленский хэллээ.


Францын тал дээрх меморандумыг “түүхэн тохиролцоо” гэж нэрлээд, Украинд нийлүүлэх сөнөөгч онгоцны тоо үнэн зөв болохыг баталсан байна. Эдгээр онгоцоос заримыг нь Франц дахь агуулахуудаас шууд нийлүүлэх бол үндсэн хэсгийг 2035 он хүртэлх урт хугацаанд нийлүүлэх ажээ.  


Украины тал байлдааны онгоцнуудынхаа тоо 250 нэгж хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийн дотор Америкийн Ф-16, Шведийн Gripen сөнөөгч онгоцууд багтаж байна.


Энэ оны хоёрдугаар сард Францын тал Mirage 2000-5 сөнөөгч онгоцуудыг Украинд нийлүүлснээс гадна 10 дугаар сард Макрон мэдэгдэхдээ, агаарын довтолгооноос хамгаалах ПВО SAMP-T системийн пуужингууд болон дахин хэдэн хэдэн  Миражийг нийлүүлэхэд бэлэн гэж байв.  

Связанные новости