“Сибирийн хүч-2” төсөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 19. /TASS/. Монгол Улсын Засгийн газар "Союз Восток" хий дамжуулах хоолойн төслийг (Сибирийн хүч-2 хоолойн Монголын нутгаар дайрах хэсэг) хэрэгжүүлэх ажлыг зохицуулах тусгай ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.
Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев, Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням нарын уулзалтын дараа Оросын Эрчим хүчний яамнаас мэдээлэхдээ, энэхүү алхам нь стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний төслийг үр дүнтэй урагшлуулах зорилготой гэжээ.
"Монголын тал төслийг хэрэгжүүлэх цаашдын алхмуудыг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн" гэж тус яамны мэдээлэлд онцолсон байна.
Харин Оросын тал энэхүү стратегийн төслийг амжилттай, хугацаанд нь хэрэгжүүлнэ гэдгээ дахин мэдэгджээ.
Тус яам мөн "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолой барих тухай санамж бичигт "Газпром" НХН болон Хятадын Үндэсний газрын тос, хийн корпорацын хооронд 2025 оны есдүгээр сард гарын үсэг зурсан гэдгийг дурдсан байна.
Оросын Эрчим хүчний сайд С.Цивилев мэдэгдэхдээ "Орос, Монгол хоёр улсыг олон жилийн нөхөрлөлийн, түншлэлийн бат бөх харилцаа холбож байдаг. “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бат бөх үндэс суурийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна" хэмээн онцолжээ.
Хоёр улсын сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын ОХУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хэлэлцээ хийсэн байна. Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцохоор ОХУ-д айлчилж байгаа юм.
Связанные новости
Ulaanbaatar